
Зууны манлай дуучин Б.Сарантуяа бага зэрэг борлочихож. Боровтор царай нь түүнд харин ч зохисон харагдана лээ. Аргагүй ч биз дээ. Монгол орноороо хөндлөн гулд аялаад ирсэн юм хойно. Төрсөн өдрийнхөө баярыг угтаж, хөдөөгийн олондоо “Хайрлаарай” уран бүтээлийнхээ цэнгүүнийг толилуулаад ирсэн гавьяат маань аялан тоглолтынхоо сонин сайхнаас сэтгүүлчидтэй хуваалцсан юм. Тэрбээр энэ сарын 19,20-нд “Улсын цирк”-т фенүүдтэйгээ хамт төрсөн өдрөө тэмдэглэх гэнэ.
-Аялан тоглолтынхоо сонин сайхнаас хуваалцаач. Хөдөөгийнхний амьдрал ямар байна?
-Анх 1996 онд “Хайрын бурхан” нэртэй аялан тоглолт хийж байлаа. 2000 онд “Хайрын зөрлөг”, 2004 онд “Би жаргалтай” гээд л дөрвөн жилийн давтамжтайгаар хөдөө орон нутгаар аялан тоглолт хийсэн. Энэ удаад “Өнөөдөр ирсэн дурлал” цомгийнхоо баярыг хөдөөгийнхөнтэйгөө хуваалцаад ирлээ. Өөрөөр хэлбэл, гавьяат цол аваад анх удаа л хөдөөгүүр аялан тоглолт хийгээд ирсэн хэрэг шүү дээ. Хөдөөгийнхөн маш сайхан хүлээж авсан гэдгийг онцолмоор байна. Бас нэг зүйлийг онцолж хэлэхэд аялан тоглолтод маань маш олон хүний сэтгэл зүрх, хөдөлмөр, хамтын ажиллагаа шингэсэн юм шүү. Сараагийн аялан тоглолтод оролцсон хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Хөдөөгийнхөн нэг үеэ бодвол амьдрал нь дээшилжээ. Зам харгуй ч сайжирсан байна лээ. Тэд бидний тоглолтод чин сэтгэлээсээ хандаж байсанд маш их талархаж байгаа. Зритель дүүрээд л. Хүмүүс цонхны тавцан дээр зогсож байгаад миний тоглолтыг үзсэн. Сараагийн тоглолтыг үзэхийг хүссэн тэр олон хүнийг хараад би бахархсан шүү. 38 хоногт нийт 42 удаа тоглолоо. Зарим тохиолдолд өдөрт хоёр ч удаа тоглолт хийж байлаа. Хоолой цуцаж, ядарч зүдэрсэн зүйл байсангүй. Туршлагатай ч болсон байх. Ямар дууныхаа дараа ямар дуу дуулах вэ, ямар дуун дээр ямар гэрэл тусгах вэ гэдгээ хүртэл маш сайн зохион байгуулсан. Бас гарынхаа шавийг хөдөөгийнхөнд аваачиж танилцууллаа. Хөдөөгийнхний амьдралын тухайд зарим нэг зүйл дээр эмзэглэмээр, зарим зүйлийг нь бахармаар санагдсан. Хөгжиж, дэвжиж яваа сумд зөндөө тааралдсан. Нэг хэвэндээ бахь байдгаараа, дөрвөн жилийн өмнөхтэйгөө ижил газар ч цөөнгүй байсан шүү. Хөдөөгийнхөн Сараа ч дөрвөн жилийн дараа биш хоёр жилийн дараа ирээрэй гэсэн хүсэлт тавьж байлаа.
-Аялан тоглолтын үеэр бэрхшээл хүндрэл хэр их гарав уу?
-Бидний зүгээс нэг их хүндрэл гараагүй ээ. Аялан тоглолтыг “Хаан” банк, “Ньютел” компани, “Очир ундраа” төвийнхөн гээд олон газар ивээн тэтгэсэн. Хөдөөд зарим газар тог, цахилгаан их муутай байсан. Тоглолтын үеэр тог тасрах явдал хэд хэд гарсан л даа. Яана аа, тог тасарчих вий гэж айж байснаа нуухгүй. Яг үнэндээ тог тасрахаар сэтгэл зүйд ч нөлөөлдөг юм билээ. Гэхдээ энэ бол маш цөөхөн тохиолдсон бэрхшээл. Ихэнх газар биднийг их сайхан хүлээж авсан. Сумын клубууд их тохижсон байна лээ
-Ноднин жилийн төрсөн өдрөө нам гүмхэн өнгөрөөсөн. Энэ жилийн хувьд фенүүдтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэх гэж байна. Өмнөх тоглолтуудаас юугаар онцлог байх вэ?
-Хамгийн гол онцлог нь дөрвөн сарын 19-нд төрсөн үзэгчдэдээ “Өнөөдөр ирсэн дурлал” цомгоо гардуулах болно. Хэдэн хүн байсан ч хамаагүй цомгоо өгнө өө. Харин тэд бичиг баримттайгаа ирсэн байх ёстой шүү гэж дуулгамаар байна. Энэ тоглолтоос таван өөр имиж, таван өөр урсгал, таван өөр үзэгдэл, таван өөр Сарааг олж харж, сонсч, мэдрэх болно. Хөдөө явахдаа 150 гаруй дуу дуулахаар бэлтгэсэн. Зарим хүн өмнөх ХИТ болсон дуунуудаа дуулаач гэсэн хүсэлт тавьж байсныг бодолцож үзэхээр шийдсэн л дээ /инээв/
-Яагаад “Улсын цирк”-ийг сонгосон юм бэ?
-“UB палас” сайн л даа. Гэхдээ хойгуур суудлын хүмүүст тоглолт тийм ч сайн хүрдэггүй нь ажиглагдсан. Нөгөөтэйгүүр түрээс нь өндөр, тэгээд ч 6000 хүний суудалтай газар сонгочихоод хэн нэгэнд билет шахахыг хүсэхгүй байна. Намайг сонсдог, миний тоглолтыг үзэх хүмүүс нь л ирэг гэж бодсон юм. Улсын циркийн хувьд надад таалагддаг. Үзэгчид аль ч талаас маань намайг харах боломжтой. Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд, сүүлийн үед тоглолт давхцах явдал түгээмэл байна л даа. Хэн нэгэндээ шавар хаасан, хэн нэгийгээ шатаасан тоглолт олширсон байна. Урлагийнхан маань менежментгүй ч юм уу, эсвэл албаар нэгэндээ шавар хаадаг ч юмуу иймэрхүү үзэгдэл нэлээд гарах болж. Ариунаа, “Чингис хаан”-ы Жагаа бид хэд бол хоорондоо ярилцана шүү дээ. Чи одоо хийж байгаа бол би тоглолтоо хойшлуулъя гэх ч юм уу. Гэтэл Л.Банзрагч тоглолтоо хийж байхад С.Жавхлан давхцаж байх жишээтэй. Урлагийн нэр хүнд иймэрхүү байдлаас болоод унаж байна. Бас сонгуулийн “халтуур” урлагийн нэр хүндийг унагаад байгаа юм шиг санагддаг.
-Та сонгуулийн сурталчилгаанд явах уу. Мэдээж, танд маш олон саналд ирж байгаа байх.
-Би сонгуулийн сурталчилгаанд явахгүй ээ. Хүнд өөрийгөө үнэлэх үнэлэмж, урлагийн нэр төрийг хүндэтгэх сэтгэл байх ёстой. Миний хувьд мөнгө хөөхөөсөө илүү урлагийг л хөгжүүлэхийг хүсч байна.