
Монголд хамгийн алдартай олон хөгжмийн зохиолчдыг төрүүлсэн нутаг бол Баянхонгор гэгддэг. Төрийн шагналт С.Гончигсумлаа, Г.Бирваа, МУГЗ Ч.Сангидорж зэрэг Монголын сонгодог урлагийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан хөгжмийн зохиолчид хонгор нутгаас төрсөн.
Харин Баянхогороор овоглодог дуурийн дуучин ердөө ганц төрсөн нь ДБЭТ-ын гоцлол дуучин Ширмэнгийн Наранчимэг. Нутгаасаа төрсөн ганц дуурийн дуучин тэрээр ангиасаа сонгодог урлагаар замнасан мөн л ганц дуучин. Тэрээр СУИС-ийг 2003 онд дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн бөгөөд эдний ангиас МУГЖ С.Хонгорзул, С.Жавхлан, Т.Баясгалан, дуучин Л.Чулуунбаатар гээд өдгөө уран бүтээлээ туурвиж яваа залуу авъяастнууд төрөн гарчээ.
Хожим Италийн Ром хотын Санта Чилийн консерватурт суралцаж төгссөн Ш.Наранчимэг ганц дайчин ганцаардахгүйн үлгэрээр дэлхийн болоод Монголын томоохон дууриудын гол болон туслах дүрүүдэд дуулж, сонгодог урлагийн хүрээнд аль хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн, өмнө нь хоёр сонгодог тоглолт тавьж байсан дуучин юм. Энэ удаад 3 дахь бие даасан тоглолтоо дэлхийн болоод Монголын алдартай сонгодог бүтээлүүдээс бүрдсэн урын сантайгаар энэ пүрэв гаригт дуурийн тайзнаа хийх гэж байна.
“Урлагийн бурхадын ордонд намайг…” нэртэй энэхүү тоглолтондоо дэлхийн хүлээн зөвшөөрөгдсөн алдартай хөгжмийн зохиолчид болох Ж.Пуччини, Ж.Верди, А.Понкьелли, Монголын сонгодогууд болох Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Төрийн шагналт Б.Шарав, Х.Билэгжаргал, УГЗ Б.Баттөмөр зэрэг хөгжмийн зохиолчдын олонд хүлээн зөвшөөрөгдсөн дуунуудыг дуулах ажээ.
Тухайлбал, Ж.Вердийн “Аида” дуурийн Аидагийн ари, А.Понкьеллигийн “Жоконда” дуурийн Жокондагийн ари, Ж.Пуччинийг “Тоска” дуурийн Тоскагийн ари, Х.Билэгжаргалын “Ламбагуайн нулимс” дуурийн Цэрэнлхамын ари, Н.Жанцанноровын “Хүний заяа”, Б.Шаравын “Аав ээж хоёр минь”, Б.Баттөмөрийн “Цэцэгт цэнхэр алчуур” зэрэг мэргэжлийн цараатай хэрнээ олон түмний дунд ардын дуу мэт болсон дуунуудыг дуулах юм байна.
No comments:
Post a Comment