
Яруу найрагч Р.Чойном цөллөгт байхдаа модны үндсээр үнэгний дүртэй үзэгний сав сийлж, морин хуур урлан, түүгээрээ тоглодог байжээ. Тэр ч байтугай яруу найрагч эсперанто хэлний сурах бичиг хүртэл зохиосон байна. Тэгвэл эрдэмтэн, зохиолч Ш.Гаадамба монгол шатар сийлсэн байдаг бол билгүүн номч Б.Ренчингийн хөрөг зурагтай дугтуй байдаг аж.
Энэ бүхнийг нүдээр үзэх боломжийг “Зохиолчид-Оюуны язгууртнууд” сэдэвт үзэсгэлэн олгож байна. Монголын үндэсний музейд өнөөдөр нээгдсэн энэ үзэсгэлэнд яруу найрагч Б.Лхагвасүрэнгээс Л.Нямаад, Б.Явуухулангаас Ш.Сүрэнжавт бичсэн захидал, О.Дашбалбар, Ш.Сүрэнжав нарын шүлгийн дэвтрээс эхлээд нэрт зохиолчдын эдэлж хэрэглэж байсан эдлэл, ховор нандин гэрэл зураг, тэдний зурсан зураг, 1990-ээд оноос хойш үеийн залуу уран бүтээлчдийн шүлгээс сэдэвлэн туурвисан каллиграфчид, зураачдын бүтээлүүдийг дэлгэжээ.
Тус музейгээс санаалан үзэгчдэд толилуулж байгаа энэ үзэсгэлэн нь орчин үеийн Монголын утга зохиолын нүүр царай, төлөөлөл болсон нэрт бүтээлчдийн өвд түшиглэн гаргаж байгаа анхны үзэсгэлэн ажээ.
Утга зохиол хэмээх цогц соёл, түүнийг бүтээн туурвигчдын өвийн талаар нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй болох, цаашдаа эдгээр өвийг хэрхэн хадгалж, хамгаалан хойч үедээ өвлүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс дээр үзэсгэлэнг зохион байгуулжээ.
No comments:
Post a Comment