
Их Британийн шилдэг авьяастанг шалгаруулах “Авьяаслаг британичууд” телевизийн шоунд оролцож, ганцхан шөнийн дотор дэлхийн хэмжээний од болон хувирсан Шотландын дуучин Сюзан Бойлын анхны цомог худалдаанд гарсан даруйдаа борлуулалтаараа тэргүүлж, Британийн 2009 оны хамгийн хурдан гүйлгээтэй цомгоор шалгарчээ. “I Dreamed a Dream” нэртэй түүний анхны цомог шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлэх болж, өдгөө 410 мянган хувь борлогдоод байгаа нь Их Британийн дебют цомгийн борлуулалтын түүхэнд байгаагүй өндөр амжилт гэнэ. Өнгөрөгч дөрөвдүгээр сард түүний бичлэг интернэтэд тавигдсаны дараа 300 сая онлайн үзэгчдийг татаж чадсанаар дэлхийн урлагийн ертөнцөд томоохон шуугиан дэгдээсэн билээ. Сүмийн сайн дурын ажилтан байсан 48 настай Сюзан Жей Лено, Опра Уинфри зэрэг алдартай ток шоунд урилгаар оролцож байсан юм. Түүний шинэхэн цомог зөвхөн Их Британи төдийгүй Австрали, Ирландын шилдгүүдийн жагсаалтыг тэргүүлж эхэлсэн бөгөөд энэ байдал АНУ, Канад болон Шинэ Зеландад ч давамгайлах төлөвтэй байгаа ажээ.
No comments:
Post a Comment